Antmall.mn

Pout Mongolia: Эргономик электрон ширээ, эрүүл хэв маяг, ухаалаг хэрэглээ

  Бүхий л салбарт ажиллаж буй оффисын ажилтнууд өдөрт наймаас доошгүй цагийг оффистоо, тэр дундаа ажлын ширээнийхээ ард өнгөрүүлдэг. Энэ хугацааг бид хэдий чинээ тав тухтай орчин, таатай нөхцөлд өнгөрүүлж буйгаас шалтгаалж, төдий чинээ ажлын бүтээмж өндөр байна. Ажилтнуудын бие махбодийн тав тух цаашлаад эрүүл мэндэд үзүүлэх ажлын орчны нөлөөллийн тухай ярьж эхэлж буй энэ цаг үед бид уг сэдэвтэй холбогдох нэгэн сонирхолтой брэндийг танилцуулахаар бэлдлээ. Солонгос улсын эрүүл хэв хаягийг эрхэмлэгч, энгийн, чанартай бүтээгдэхүүнийг бүтээгч POUT брэндийн оффисийн ширээ болон компьютерийн дагалдах хэрэгслийг AntMall дэлгүүр нь өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлжээ. Ингээд хамтдаа залуу мэргэжилтнүүдийн ажлын орчныг сайжруулж, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд туслах Pout брэндтэй танилцацгаая.



Бизнесийн нэр: Ant Mall

Брэндийн нэр: Pout Mongolia 

Хаяг: ХУД, 15-р хороо, Их наяд тауэр, зүүн өндөр, 1-р давхар 

Үйл ажиллагааны чиглэл: Цахилгаан бараа, оффисын ширээ, дагалдах хэрэгслийн худалдаа Үүсгэн байгуулагдсан: 2017 он 

Монгол Улсад нээлтээ хийсэн: 2023 он 

Цахим хуудсууд: Pout Mongolia (Facebook), Pout Mongolia (Instagram), antmall.mn (Website)

СЭДЭЛ

Залуусын дунд нуруу, хүзүү чилэх, цаашлаад нурууны суулт, шохойжилт зэрэг амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчин зовууриуд ихээхэн тохиолдох болсон нь бидний ажлын орчин болоод ажиллаж буй хэв маягтай шууд хамааралтай хэмээн үзэж болно. Нөгөөтээгүүр таагүй, тухгүй нөхцөлд ажил хийх нь бүү хэл тааваараа суух ч хүндрэлтэй байдаг шүү дээ. Энэ нь эргээд ажлын бүтээмж хийгээд ажлаасаа авах сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Pout брэнд нь уг асуудлыг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлэн ажлын ширээнд зөв зохимжтой хэв маягыг бүрдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтэц, дизайнаар электрон ширээ, дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэж эхэлсэн нь өнөөдөр сая сая хэрэглэгчдийн таашаалд нийцээд буй билээ.

Харин манай орны хувьд Ant Mall цахилгаан барааны дэлгүүр нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Pout брэндийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн. Манай хамт олон үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байгаа бөгөөд одоогоор хоёр салбартай. Бидэнд дотоодын зах зээлд нэвтрүүлж болох олон зуун брэндүүд бий ч орчин үеийн залуусын сонирхолд нийцсэн минимал загвар, өндөр чанар, боломжийн үнэ зэргийг нь харгалзан үзсэний эцэст энэхүү брэндийг сонгон оруулж ирээд байна.


ЯЛГАРАЛ

Энгийн хэв загвартай, бусад ширээнүүдийн хувьд тавцангийнх нь өндөрт тааруулж бөгтийж, эсвэл гэдийж суухаас өөр замгүй байдаг бол электрон ширээний гол онцлог нь тавцангийн өндрийг дээш, доош хүссэн хэмжээндээ тааруулах боломжтой. Гол давуу тал нь биеийн хөдөлгөөнийг үл хязгаарлан чилж, алжаасан нуруугаа амраан зогсох зуураа ажлаа хийх боломж олгож буй явдал. Мөн гэрийн нөхцөлд хүүхдэд зориулсан тусдаа жижиг ширээ авах шаардлагагүй, гэр бүлийн бүх гишүүд өндрийг нь зохих хэмжээнд тааруулан ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай. POUT брэнд нь илүү ухаалаг, үр ашигтай ажиллахад тань туслахаас гадна эрүүл хэв маягийг эрхэмлэж, чанарыг илүүд үздэгээрээ онцлогтой.

POUT БРЭНД ГЭЖ ЮУ ВЭ?

Pout нь долоодахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй оффисын электрон төхөөрөмж үйлдвэрлэгч Солонгос брэнд юм. Бүтээгдэхүүний нэр төрлийн тухайд электрон ширээнээс гадна зөөврийн компьютер болон IPAD-ны тавиур, дэлгэц тогтоогч гар, хулганы суурь, тоглоомын ширээ зэрэг 20 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнтэй ба загвар, төрлөөс нь хамааран 100,000₮-1,600,000₮ төгрөгийн хооронд худалдаалж байна.



НЭР

Ant Mall – Бид англи хэлний Ant /шоргоолж/ гэх үгээс шууд санаа аван “хөдөлмөрч, зогсошгүй, бүтээлч сэтгэхүйт хамт олон” гэсэн утгаар дэлгүүрээ нэрлэсэн. Үүнээсээ улбаалан Mr.Ant кофешоп маань нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

ОДОО

Pout брэндийг Монголд албан ёсоор худалдаалж эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоогоор бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд таниулиахаар ажиллаж байна. Үүний тулд бүтээгдэхүүнүүдийн бодит хэрэгцээ шаардлага болоод үзүүлэх үр дүн, шийдлийг нь байгууллагуудад мэдүүлж, нэг ёсондоо ажлын орчин, бүтээмж, эрүүл мэндийн харилцан хамаарлын тухай сэтгэлгээг өөрчлөх тал дээр төвлөрч байна.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ

Бидний хувьд бүхий л үйлчилгээний байгууллагын хэрэгжүүлбэл зохих шаардлага болох тав тухтай орчин, найрсаг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буйн дээр хэрэглэгчдэдээ тухлан сууж, тааваараа үзэж сонирхох, ярилцаж хэлэлцсэний үндсэн дээр сонголтоо хийх боломжоор нь хангах үүднээс дэлгүүрийнхээ дэргэд өөрсдийн кофешопыг нээж, уух зүйлсээр дайлдаг. Энэ нь ч бидний зорьсны дагуу үйлчлүүлэгчдэд ихээхэн таалагдаж байгааг дурдах нь зүйтэй болов уу.




ИРЭЭДҮЙ

Эдгээр бүтээгдэхүүнүүд одоогоор манай дэлгүүрийн хоёр салбарт болон Ant Mall сайтаар худалдаалагдаж байна. Цаашлаад бид оффис бүрийг брэндийнхээ тухтай ширээ, таатай бүтээгдэхүүнүүдээр тохижуулж, ажилтан бүрийн сэтгэл ханамж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.

ЭРСДЭЛ

Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник технологи дээр үндэслэн үйлдвэрлэж байгаа тул бүтээгдэхүүний чанарын хувьд бид 100 хувийн баталгаа өгч чадна. Үүнтэй холбогдуулан чанартай материал, шинэлэг дизайн, орчин үеийн хийцлэлээр бүтээж байгаа учраас зах зээлд нийлүүлэгдэж буй бусад оффисын ширээтэй харьцуулахад үнийн хувьд арай өндөр буюу тавцангийн хэмжээнээс шалтгаалан 1,200,000₮-1,600,000₮ төгрөгийн хооронд худалдаалж байна. Харин дагалдах хэрэгслүүдийн хувьд 100,000₮-400,000₮ төгрөг. Бидний зүгээс бүх төрлийн зээлийн апп ашиглан хувааж төлөх нөхцлийг санал болгож байгаа бөгөөд байгууллагуудад мөн олон тоогоор борлуулалт хийх боломжтой.

Сайшаалтай нь, сүүлийн үед албан байгууллагууд энгийн ширээг бус электрон ширээг ашиглах нь ямар үр ашигтай болохыг ойлгож эхэлж байна. Тиймээс бидний зүгээс тэрхүү чиг хандлагыг улам дэлгэрүүлж, илүү хүртээмжтэй байдлаар зах зээлд нийлүүлэх нь бидний өмнө тулгарч буй сорилт гэж харж байна.



Ухаалаг хэрэглээгээр ажлаа хялбарчил “Simple and smart”


Pout Mongolia


Эх сурвалж: https://unread.today/c/spotlig...

© 2023-2024 Antmall.mn Зохиогчийн эрх хамгаалагдсан